Мөн үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б. Баярдаваа "Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад нэр хүнд маш чухал. 2024 онд зээлжих зэрэглэл сайжирсан. Цаашид үнэлгээг бууруулж болзошгүй хүчин зүйл нь түүхий эдийн шок, валютын нөөц, эдийн засгийн өсөлтийн тогтвортой бус байдал зэргийг харгалзан үзнэ гэсэн.

Мөнгөний бодлогын хүү буурч чадахгүй байгаа дараагийн нэг чухал хүчин зүйл нь инфляц. Монголын эдийн засаг үнийн савлагаа ихтэй. Одоо инфляц 8.1 хувьтай байгаа. Инфляцад гол нөлөөтэй байгаа хоёр том бараа байгаа. Нэг нь, төрийн зохицуулалттай бараа. Төрийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, ус, цахилгааны төлбөр, автобусны үнэ зэрэг зүйлүүд бий. Дараагийнх нь, мах, махан бүтээгдэхүүний ханш. Дараагийн ярих зүйл нь, зээлийн хүү. Инфляц буурахгүй бол зээлийн хүү буурах боломжгүй" гэв.

Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, гео-эдийн засгийн хуваагдал, худалдааны маргаан зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь бодлогын гол сорилт хэвээр байна. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэт өсөлт, давхар зээлтэй иргэдийн нэмэгдэл зэрэг эрсдэл нь санхүүгийн тогтвортой байдалд эмзэг байдал үүсгэж байгааг илтгэгчид онцолж байв.