
Д.Мөнхчулуун ТАТАР: Мөрөөдлийг биелүүлэх, амилуулахад хүрээлэл чухал
"Амттай ярилцлага"-ын шинэ дугаар Татар хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун ТАТАР оролцлоо. Түүний хүүхэд нас, хүсэл мөрөөдөл, хүн байх утга учрын тайлалын дүгнэлтийг уншигч танд үлдээе
-Ярилцлагаа бага насны дурсамжаараа эхлүүлвэл ямар вэ?
Тэгэлгүй яахав. Миний бага насны дурсамж Дэнжийн 1000, Нарантуул захтай салашгүй холбоотой. Татарын дөрөв чинь Дэнжийн 1000-ын 39 дүгээр сургуульд бүр бэлтгэл ангиасаа хойш хамт явж байсан, нэг ангийн хүүхдүүд. Тухайн үед Нарантуул зах хамгийн том зах байлаа. Тус захын хаяа хатавчаар ундаа зарна, манай Жагаа чинь өвөө, эмээтэйгээ нийлж гутал зарна, манай Заяа чинь кассет зарна, аав ээжтэйгээ, Манай Пайндаа чинь аарц зарна, зайрмаг зарна. Ер нь захыг тойроод л өсчихсөн гэсэн үг.
-ТАТАР хамтлагийн нэгдэл юу байв? найз, найзууд байхын үнэ цэнэ?
ТАТАР хамтлаг анх байгуулагдаж байсан үеийг бид алтан үе гэж нэрлэдэг юм. Тухайн үед бид маш хүчтэй мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө өдөр бүр ярина, тэнгэрт хэдүүлээ сийлэх юмсан, байнга бид нарт харагдаж байгаагай гээд л дундаа ургуулж ярина,төсөөлж ярина. Тэгээд тэр зүйл ерөөсөө мартагддаггүй. Тэр үе надад маш хүчтэй үлдчихсэн. Сүүлд би нэг судалгаа харж байхад хүн 25 наснаас хойш мөрөөдөхөө болидог гэсэн байсан.Амьд махан бие болдог гэнэ, дэлхийн бүх хүн, хүн төрөлхтөн өөрөө тийм гэсэн үг. Америк, Монгол хамаа байхгүй. 25 наснаас өмнө буюу бид 16,17 настайдаа маш хүчтэй мөрөөддөг байсан байгаа биз, тэгээд яг энэ цаг үедээ Татар хамтлагийг эхлээд тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө үйлдэл хийгээд, хоорондоо бие биенээ мотивацижуулаад, бие биендээ хань болоод болох ч байсан юмуу тэр хүчтэй мөрөөдлийг тал талаасаа ярьсаар байгаад энийг босгочихсон нь өөрөө маш зөв байгаа юм
-Кинон дээр гардаг воганчиг та нарын анхны студи байжээ? Тухайн үед үнэхээр шатчихсан юм уу?
Тэр воганчиг үнэхээр байдаг байсан. Бид хүйтэн, халуун аль алинд нь тэнд бэлтгэлээ хийдэг байсан.Нэг өдөр очсон чинь цонхыг нь хагалаад, сүйтгээд хаячихсан байсан. Бид хэд хамгийн түрүүнд бидний өрсөлдөгчид л ийм үйлдэл гаргасан байна даа гэж бодсон, Үнэхээр л тийм байсан.
-Анхны тоглолтоосоо ямар дурсамжтай, сургамжтай үлдсэн вэ?
Жинхнээсээ бид хэд аймар их өртэй л үлдсэн дээ. /Инээв/ Тухайн үед өөрсдийгөө бэлэн болчихсон гэж үзээд тоглолт хийсэн. Харамсалтай нь тийм байгаагүй. Тэр тоглолтоос хойш хүмүүс өөрөөр харж, харьцаж эхэлсэн. Өө эд нар од болчихсон, мөнгөтэй болчихсон гээд л... Гадуур явахад хүмүүс таниад л, таксинд суухад таксны ах та нар нийгэмд зөв мессеж түгээж байгаа мөнгө авахгүй гээд л....Танидаг хүмүүс нь дундаа хана босгоод л... Тухайн үед хүүхэд байсан болохоор тэр бүгд үнэхээр хүнд тусаж байсан. Бүгдээс нь залхах, лай л байна гээд орхих мэдрэмж төрж байлаа. Гэхдээ бидний суурь хүмүүжил сайн байсан болохоор тэр өндөрлөг дээр удаан байгаагүй, хэрвээ удаан байсан бол их л өндрөөс унах байсан.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


