
М.Мөнхбаатар: Зөвхөн нэг жилийн баримтыг авч үзэхэд тоон гарын үсгээр 2,4 сая буюу 4800 орчим боодол цаас хэмнэсэн тооцоо гарч байна
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т “TenderEval” систем нэвтэрснээр хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авах ажиллагаа нээлттэй ил тод байх орчин бүрдэж байна. “ERP” систем болон цахим шилжилтийн төслүүдийн талаар Мэдээллийн технологийн хэлтсийн албаны дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

- " Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цахим шилжилтийн ямар төслүүдийг хэрэгжүүлж байна вэ?
-Бид байгууллагын бизнес үйл ажиллагааны процессыг оновчлох, реинжиниринг хийх, үйлдвэрийн хэмжээнд ашиглагдаж байгаа 200 гаруй салангид системийг нэгдсэн нэг платформд төвлөрүүлэх, цаасан суурьтай уламжлалт арга барилыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн тоон гарын үсгээр баталгаажуулдаг болох, мөн хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн дэвшилтэт технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Цахим шилжилтийн төслийн хүрээнд Дата төвийг шинээр байгуулж, сүлжээний дэд бүтэц, серверүүдээ шинэчилсэн. Мөн бизнес процессыг цахимжуулах зорилтынхоо хүрээнд нэгдсэн “ERP” системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүнд цаасан баримтыг зүгээр нэг сканнердаж оруулах биш, харин анхан шатны баримт үүсэх цэгээс эхлээд бүхий л үйл явцыг 100 хувь цахимжуулж, тоон гарын үсгээр баталгаажуулах, өөрөөр хэлбэл жинхэнэ утгаар нь цахим шилжилт хийхээр зорьсон.
- Цахим хэлбэрт шилжих нь сайн ч, кибер аюулгүй байдлын асуудал давхар яригдах байх?
-Манай үйлдвэрийн нь улсын онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагад хамаардаг, мөн 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, технологийн процессын автомат удирдлагын болон бизнес үйл ажиллагааны олон системүүд ажилладаг. Эдгээр системүүдийн кибер аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай байдаг тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, технологиудыг хэрэгжүүлсэн. Мөн “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу жил бүр эрсдэлийн үнэлгээ, хоёр жил тутамд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэж, зөвлөмжийн дагуу сайжруулалтыг тогтмол хийгээд явж байна.
- Системийг нэвтрүүлснээр эдийн засгийн хувьд ямар хэмнэлт гарч байна вэ?
-Зөвхөн нэг жилийн баримтыг авч үзэхэд тоон гарын үсгээр 2,4 сая буюу 4800 орчим боодол цаас хэмнэсэн тооцоо гарч байна. Тоон гарын үсгийг 2024 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд дээрх дүнгээр бодож үзэхэд гурван жилийн хугацаанд долоон сая гаруй цаас хэмнэх тооцоо гарч байна. Цаас худалдан авах өртөг төдийгүй тухайн цаасыг хэвлэх төхөөрөмж, принтерийн хор, үйлдвэрийн бүтцийн нэгжийн хоорондзөөвөрлөх машин, жолоочийн зардал, удирдлагуудын үүдэнд гарын үсэг зуруулахаар хүлээх ажилтны цаг хугацаа, цаасан архивын зардал зэрэг асар олон шууд болон шууд бус зардлыг бууруулж байгаа юм.
Гэхдээ ERP системийн ач холбогдлыг зөвхөн цаасны хэмнэлтээр дүгнэж болохгүй.Байгууллагын үйл ажиллагааны процессыг шуурхай, оновчтой болгох, стандартчилах, хууль, журамд нийцүүлэх, дотоод засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлж байгаа нь том ололт юм. Шийдвэр гаргах хурд эрс нэмэгдсэн. Систем дээр хийгдсэн үйлдэл, баталгаажуулалт бүр цаг, минут, секундээрээ түүх болон хадгалагддаг тул хариуцлагын тогтолцоо сайжирч, дотоод болон хөндлөнгийн аудит хийхэд нээлттэй, хялбар болсон. Баримт бичиг батлах үйл явц аль шатанд, хэн дээр хүлээгдэж байгаа нь ил тод харагддаг. Жишээлбэл, захирамжлалын баримт бичиг аль нэг шатны удирдлага дээр очоод 72 цагийн дотор шийдвэрлэгдэхгүй бол автоматаар дараагийн шат руу шилждэг ухаалаг тохиргоо хүртэл хийгдсэн. Энэ бүхэн нь байгууллагын соёл, хөдөлмөрийн бүтээмжид бодит өөрчлөлт авчирч байна..
-Хиймэл оюун ухааны гаргасан дүгнэлтийг Үнэлгээний хорооны шийдвэртэй харьцуулж үзсэн үү?
-Тийм ээ, бид нарийвчилсан харьцуулалт хийж үзсэн. Үнэлгээний хорооны шийдвэр болон “TenderEval” системийн гаргасан дүгнэлтүүдийг хооронд нь тулгасан. Нийт 497 тендерийн 130 мянга гаруй шалгуур үзүүлэлт дээр шинжилгээ хийж үзэхэд, хүн болон системийн үнэлгээний хооронд 2700 буюу ердөө хоёр хувийн зөрүү гарсан. Энэ бол маш өндөр нарийвчлалтай дүн юм. Бид одоо энэ хоёрмхувийн зөрүү ямар шалтгаанаар гарсныг судалж, системээ улам боловсронгуй болгох, алгоритмоо сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа
-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ -тай танилцаж, мэдээллийг олон нийтэд түгээж байгаа танай хамт олонд мөн талархаж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


