
Шивэр хандгайг агнасан иргэнд хоёр жилийн хорих ял оноов
Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газарт хяналт шалгалт хийхэд иргэн Б нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан шивэр молцог хандгайн махыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, мөн биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан үйлдлийг илрүүлсэн байна. Тодруулбал, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Нэн ховор амьтан”, Монгол Улсын улаан номын “Нэн ховор” зүйлд багтсан “Шивэр молцог хандгай”-г Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар нутгаас агнасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж тус хэргийг 2025 оны долдугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Иргэн Б-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх тухай хуулийн заалтын дагуу хохирлыг 39,400,000 төгрөгийг нөхөн төлүүлсэн аж. Иймд иргэд та бүхэн хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг холбогдох албанаас уриалж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


