
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барина
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл" санаачилсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэл хийв.

Энэ үеэр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр: Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Энэхүү үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэд олон нийтийн Парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барина. Монгол Улс Парламентын засаглалтай. Парламентын дархлаа, нэр хүнд нь манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч үздэг. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, иргэд сонгогчдын итгэл гурав Парламентын дархлааны цөм, бүрдэл хэсгүүд юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадаг ч УИХ-ын гишүүнийхээ дархан эрхээр халхавчлагдан, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаад иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Энэ асуудлыг нэн яаралтай засаж, залруулахыг ард иргэд та биднээс өдөр бүр шаардсаар байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцвал эгүүлэн татах тухай заасан байдаг ч энэхүү заалт амьдралд хэрэгжих эрх зүйн орчин бүрдээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих хуулийн төслийг санаачилж буйгаа мэдэгдэж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


