
Лабубу хүүхэлдэй тун удахгүй өөрийн гэсэн кинотой болно
Алдарт Лабубу хүүхэлдэй удахгүй өөрийн гэсэн кинотой болох нь. Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компани болон “Sony Pictures” хамтран уг киног бүтээх бөгөөд үйл явц хөгжүүлэлтийн эхэн үедээ байгаа аж. “Wonka”, “Paddington” зэрэг киногоороо танигдсан Пол Кинг тус киног найруулж байна.

“Pop Mart” Лабубу хүүхэлдэйг дэлхий дахинд танилцуулаад 10 жил болжээ. 10 жилийн ойн хүрээнд Лабубу хүүхэлдэйн үзэсгэлэнг дэлхийн олон улсад дэлгэн танилцуулж байгаа бөгөөд Лхагва гаригт /2026.03.18/ Парист болсон арга хэмжээний үеэр киноны талаарх мэдэгдлийг хийсэн байна.
Лабубу хүүхэлдэй сүүлийн үед дэлхий дахинд трэнд болсноор “Pop Mart”-ын зах зээлийн үнэлгээ 40 тэрбум ам.доллар дөхсөн. Ингэснээр “Pop Mart” барби хүүхэлдэй үйлдвэрлэгч “Mattel”-ыг хойноо хаясан юм.
Лабубугийн галзуурал зөвхөн тоглоомын дэлгүүрээр зогсоогүй. Тодруулбал, “Pop Mart” компани Бээжинд Лабубу хүүхэлдэйн сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгээ нээсэн билээ. Тэдний дараагийн алхам нь ийнхүү кино зах зээл болж байна.
Лабубу хүүхэлдэй бол “Pop Mart”-ын хамгийн алдартай тоглоом. Хэрэглэгчид “blind box” буюу дотор нь яг ямар хүүхэлдэй байгааг мэдэлгүйгээр худалдан авалт хийдэг нь тус компанийн борлуулалтын амжилттай арга. Үүний зэрэгцээ Лиса, Рианна зэрэг дэлхийн хэмжээний одод Лабубу хүүхэлдэйг цүнхнээсээ зүүсэн нь тоглоомын нэр хүндийг улам өсгөсөн юм.
Хонгконгийн Касин Лун гэх уран бүтээлч 10 гаруй жилийн өмнө Нордикийн домгоос үндэслэн ойн эльф буюу Лабубу хүүхэлдэйг зохион бүтээжээ. Тус уран бүтээлчийн “Мангасууд” гэх цуврал номд Лабубу хүүхэлдэйн дүр гардаг.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


