
Сант сум Өвөрхангай аймгийн зүүн бүс дэх хөдөө аж ахуйн хөгжлийн төв болно
Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгээр ахлуулсан баг Хангайн бүсэд ажиллаж байна. Томилолтын бүрэлдэхүүнд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Батшагай, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХКК-ийн захирал Б.Цогтсаран, Хөдөө аж ахуйн биржийн захирал Б.Нарангарав, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл,төслийн газрын дарга Н.Энхтөр нар багтаж буй.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Сант сумын иргэд, малчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, тус сумын Засаг дарга О.Адъяатогтох болон хөрш Баян-Өндөр, Баянгол, Сант сумын удирдлагууд оролцов.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн М.Бадамсүрэн сайд хэдийгээр өвөлжилт хүндэрсэн ч хамтын хүчээр хавартай өнтэй золгосон Сантчууд, малчин түмнийхээ хөдөлмөрөөр бахархаж буйгаа тодотгоод “Малчдын амьжиргааг дэмжсэн, орон нутагтаа тохилог амьдрах орчныг бүрдүүлсэн бодлого баримтлан ажиллаж байна. Үүний нэг бол “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл. Хөгжлийн төв нь иргэд, малчдад хөнгөлөлттэй зээл, бизнесийн зөвлөх үйлчилгээ, трактор, техник түрээсийн үйлчилгээ үзүүлэх төдийгүй мал үржлийн нэгж, сүү цагаан идээ боловсруулах болон малын тэжээлийн бага оврын тэжээлийн үйлдвэр зэргийг байгуулна” гэв.
Мөн Евроазийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнуудтай хийсэн түр худалдааны хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн тулд дотооддоо өрсөлдөх чадвараа дээшлүүлж, малчны хотоос экспорт хүртэл асуудлаа зөв тодорхойлж, сууриар нь шийдвэрлэж ажиллах нь чухал байгааг тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд 21 аймгийн төв, 70 суманд Сум дундын хөгжлийн төв буюу Орон нутгийн хөгжлийн төв байгуулахаар тусгасны нэг нь Сант сум юм.
Уулзалтад оролцогчдын зүгээс сумын хуучин суурь бааз, туршлагад тулгуурлан тэжээлийн үйлдвэр байгуулах, Тээлийн улаан ямаа, Уянгын сарлаг үхэр зэрэг нутгийн шилмэл омгийг баталгаажуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, зээлийн үлдэгдэлтэй бизнес эрхлэчгид хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг судлах, малын чанарт анхаарч, тоог цөөлөн бэлчээрийн доройтлоос сэргийлэх, ноолуурын улирал эхэлж байгаа үед үнэ унах эрсдэлээс сэргийлэх зэрэг санал дэвшүүлэв.
Мөн Сант сум малын тоогоор аймагтаа тэргүүлдэг, таталцан хөгжих Баян-Өндөр, Баянгол сум гурвуул мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, эрс тэс уур амьсгалтай тул Өвөрхангай аймгийн зүүн бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн төв болгон хөгжүүлж, малын ашиг шимийг дээшлүүлэх, малчдын амьжиргааг дэмжих үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх нь нэн тохиромжтой гэж үзэж буйгаа хэлж байлаа.



Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


