
"Хүний үнэргүй монголчууд"
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2026-03-15
Нийтлэлийг
Cherrynews
Цаг хугацааны явцад бүх юм сайхан болно гэж бид итгэдэг байсан ч хөгжил дэвшил ба хүн чанарын үзүүлэлтүүд эсрэгээр өөрчлөгджээ. Бид саяхныг хүртэл хүний нийгэмд амьдарч байлаа. Харин өнөөдөр хэзээ ч хамаагүй нэг нэгэн рүүгээ дайрч барьж идэхэд бэлэн араатнуудын нийгэм болон хувирчээ. Жирэмсэн хүний өмнүүр хөндлөн гишгэдэггүй байсан монголчууд хөл хүнд эхийг зэрлэгээр хөнөөжээ. Өсвөр насныхан ой гутмаар хэрэг хийчхээд жишим ч үгүй үе хоорондын ялгаа ярьж, нэг нэгнээ доромжилж дээрэлхэж байна. Эцэг эх нь хайрлаад алгадаж үзээгүй хүүхдийг нь араатнаас дор зэрэмдэглэж, хүчирхийлж байгаа новшийн нийгэмд бид юу бодож амьдрах вэ. Үр хүүхдээ хамгаалах гэсэн мөнхийн дарамтад орж, өөрсдөө хүртэл дарамтлуулах нөхцөл бүрдсэн байна "Олигтойхон дүн гаргахгүй бол зодоод хүчиндчихнэ шүү" гэж багшийгаа дарамталсан хүүхдэд ямар хариуцлага тооцох вэ. Олны танил хүмүүсийн хүүхдүүд энэ муу муухай бүхний үлгэр дуурайлал болж байна. Тэгэхээр бидний толгой дээр ямар ялзрал явагдаж байгаа нь тодорхой. Нийтийн тээвэрт ахмад настнуудад сандал тавьж өгдөг хүн бараг үгүй. Жирэмсэн эмэгтэй шалан дээр суугаад явж байх жишээтэй. Энэ улсад хүн чанар үгүй болж зөвхөн өнөө маргаашийн өр зээл бодож явдаг хүмүүс дийлэнх олонхыг нь эзэлж байна. Бүгд өрөнд идэгдэж, стресст баригдаж, архинд живж, элдэв өвчин эмгэг тусаж тэр нь хавдар болж байна. Сэтгэл зүйн гэмтэлтэй, өс зангидаж хор хутгасан аймшигт хүмүүсийн нийгэм дайжмаар, зугтмаар ч энэ бол бидний эх орон. Цөөхөн үлдсэн хүн шиг хүмүүсийнх нь нуруун дээр хамаг ачаа овоорч, тэд туйлджээ. Одоо хүчлээд ямар ч нэмэргүй болсон. Яг үүнийг хүлээж байгаа хүмүүс хаа сайгүй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсан. Өнөөдөр эвлэн нэгдэх ухамсартай хүн нэг ч үлдсэнгүй. Хэчнээн тансаг амьдралаар зарим нь амьдарч байгаа билээ дээ. Хүн бүр хувиа борлуулж довоо шарлуулж байхад л болчих юм шиг, нэг л амьдраад сүнс нь сарничих юм шиг, удам судар хувь тавилан, үйлийн үрээс тасрах юм шиг авирлацгаана. Хэзээ нэгэн цагт эдгээр хүмүүс шангаа хүртэнэ. Байгалийн хуулиар шүүгдэнэ. Өөр гарц байхгүй. Харин ийм их тэнэглэлийг тэвчиж, эвлэрнэ гэдэг бас л хязгааргүй тэнэглэл. Солиорсон, галзуурсан араатнуудын нийгмийг сүүлийн жилүүдэд бид бүтээжээ. Ичиж зовж, санаа зовох ямар ч мэдрэмжгүй, юу ч хийхээс буцахгүй хүн дүрст араатнуудаас юу ч хүлээгээд нэмэргүй. Харин ирээдүйг яг одооны хүний үнэр нь бүрмөсөн арилчихаагүй хүмүүс төлөвлөж, бага наснаас нь гэр бүлийн боловсрол, ухаан суулгах, боловсролын цогц системийг бүтээх нь зүйтэй. Үнэтэй сургууль байлаа гээд үнэ цэнтэй хүн бүтээх нь юу л бол. Юм бүхэн эсрэгцэл дээр ирсэн энэ цаг үед боломжийг мэргэн олж харж, өөрчлөлтийг эхлүүлэхгүй бол зэрлэг нийгмийн зэрэмдэглэл дунд монголчуудын бие ба сэтгэцийн эрүүл мэнд доголдож гүйцлээ.
"Черри Медиа" сэтгүүлч Ц. Энхтайван

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


