
Дорнод аймгаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг хязгаарлав
Төрөл
Байгалиа авръя
Нийтлэгдсэн
2026-03-02
Нийтлэлийг
Cherrynews
Тодруулбал, Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр гуравдугаар сарын 1-ний шөнөөс эхлэн гуравдугаар сарын 3-н хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл бүрдэх тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр өглөөнөөс буюу гуравдугаар сарын 2-ны 04:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 8:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн байна.
Мөн дээрх хугацаанд Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг тус тус хязгаарлах юм.
Өнөөдөр /2026.03.02/ Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсэг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Иймд иргэд, малчид, тээвэрчдийг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж гарахыг Онцгой байдлын газраас анхааруулав. Мөн дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сануулав

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


