
Монголын жүдочид Абу Дабигийн “Их дуулга”-д багаараа IV байр эзэллээ
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн гурван өдрийн турш болж өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд дэлхийн 52 орны жүдочид оролцсон бол, Монгол Улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 15 тамирчин оролцож, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Б.ГОНЧИГСҮРЭН АВАРГЫГ ЯЛЖ, АВАРГА БОЛЛОО
Өчигдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Гончигсүрэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын жүдоч Тамерлан Башаеийг ялж, аваргын алтан медаль хүртлээ. Энэ удаагийн “Их дуулга”-ын сүүлийн барилдаанд Монголын жүдоч ялалт байгуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Б.Гончигсүрэн Эстоний Карл Прилинн, ОХУ-ын Денис Бачаев, Гүржийн Ираклий Деметрашвили, ОХУ-ын Тамерлан Таусович Башаев нарыг дараалан яллаа. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар ОХУ, Япон, Германы багийн ард дөрөвдүгээр байрт жагслаа.
Тэмцээний хоёр дахь өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Тэрээр финалын барилдаанд Японы жүдоч Даннод даралтаар цэвэр ялагдсан. Мөн эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн. Тэрээр аваргын төлөө ОХУ-ын жүдоч Аюуб Блиевт вазари үнэлгээрээр ялагдсан билээ


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


