Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц боломжуудын талаар эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир агаарын тээврийн салбарын өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

Тэрбээр, ковид гарснаас хойш аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж, олон аж ахуй нэгжүүд алданги хүлээсний нэг нь агаарын тээврийн салбар байсныг онцоллоо.Учир нь аялал жуулчлал, агаарын тээвэр салшгүй зэрэгцэн оршиж гэмээнэ зэрэг хөгждөг учиртай санж. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын тээврийн салбар онгоцны суудлын тоогоо нэм гэдэг шаардлага тавьдаг байна. Гэвч хүссэнээр нь онгоцны суудлаа нэмбэл эргээд алданги хүлээдэг тул хөгжил удаан байгаа шалтгааныг энэ цэгээс харж болно гэв.
Монгол Улсад өнөөдөр гадны 19 агаарын тээвэрлэгч, дотоодын гурван агаарын тээвэрлэгч компани олон улсын нислэгүүдийг чиглэл бүрд хийж байна.
Хамгийн сүүлд 2025 оны 5-р сараас АНУ-ын агаарын тээвэрлэгч "United Airlines" компани Монгол руу нисдэг боллоо. Үүнээс гадна ирэх жил Хонгконг, Хятадын агаарын тээвэрлэгч компаниуд Монгол руу нисье,сул суудлыг худалдаж авъя гэсэн санал тавьсан байна. Үүнээс харахад гадны агаарын тээврийн компаниуд бойжуулалтыг хэрхэн хийдэг гэдгийг харж болно. Харин манай улсад дэмжлэг байдаггүй тул тийз үнэтэй байх шалтгаан болж байгааг дурдлаа.
Ковидын өмнө 2019 онд МИАТ компани түүхэндээ хамгийн оргил буюу 2534 нислэг хийж, 784 мянган зорчигч тээвэрлэж, 495 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ амжилтаа 2022, 2023, 2024 онд гурван жил дараалан давуулан биелүүлж, 2024 онд 4500 нислэг үйлдэж 1 сая 155 мянган зорчигч тээвэрлэж, 980 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
-Миат компанийг агаарын тээврийн салбарт монополь байна гэх шүүмжлэл их гардаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Миат хэзээч төрөөс санхүүжилт авдаггүй. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн. Агаарын тээврийн компаниудын цэвэр ашгийн түвшин маш бага байдаг. Энэ салбарыг дагасан зардлууд нь өндөр. Хамгийн том зардал нь шатахуун,тэгээд Катеринг, газрын үйлчилгээ, агаарын тээврийн засвар үйлчилгээ гэх мэт үүний цаана цэвэр ашгийн хэмжээ хоёрхон хувь байдаг.
-Зорчигчдын тоо их байхад онгоцны тоогоо нэмсэнгүй гэх шүүмж байнга гардаг шүү дээ, тоог нь нэмж болдоггүй юм уу?
-Агаарын тээврийн тарифыг бууруулж буй нь аялал жуулчлал хөгжихөд нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна. 2024 онд агаарын тээврээр 2.2 сая хүн зорчсон. Үүний 50 хувь буюу 1.1 сая зорчигчийг МИАТ компани тээвэрлэсэн.Агаарын тээврийн салбар тухайн улсынхаа хүн амын тоон дээр үндэслэсэн зорчигчийн урсгалыг тооцох ёстой. Энэ салбар 2024 онд 2.2 сая зорчигч тээвэрлэсний 60 хувь нь Монгол Улсын иргэд байна. Энэ нь манай улсын агаарын тээврийн зорчигч урсгал таазандаа тулсан гэсэн үг. Үүнээс цааш боломж байхгүй. 2.2 сая зорчигчоос 650 мянга нь гадаадын жуулчид. Энэ тоог огцом өсгөж, 2-4 сая хүргэх боломжгүй юм. Энэ бол урт хугацаанд бойжуулдаг бизнес. Шинэ чиглэл нээхэд хүмүүс ороод ирэх юм шиг ярьдаг. Шинэ чиглэл нээж, тэр чиглэлийг гадаадын жуулчид мэдэж, зорчдог болох хугацаа нь 2-3 жил гэж үздэг. Тэгэхээр жуулчныг дагасан бусад үйлчилгээгээ нэмэх, тэлэх ёстой.
-Энэ ажлын хүрээнд МИАТ компани юу хийж байна вэ?
- Монгол Улсын аялал жуулчлалын салбарын онцлог нь зуны гурван сард идэвхтэй. Зуны гурван сард орлогоо хийгээд үлдсэн есөн сараа тэжээдэг. Энэ хамаарлыг бид арилгахын тулд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярьдаг.Тиймээс 2018 онд анх Улаанбаатар-Бангкокийн чиглэлийн нислэгийг эхлүүлж, бойжуулсан. Сурагчдын амралтыг тааруулж 12-р сарын 15-наас хойш хоёр сарын хугацаанд эхний 1-р сарын сард Улаанбаатар талаасаа дүүрэн, буцахдаа хоосон. 1-р сарын 15-наас Бангкок талаасаа дүүрэн, Улаанбаатар талаасаа хоосон. Зорчигчид суудал олдохгүй ашигтай байна гэж хардаг ч нөгөө талдаа хоосон учир алдагдалтай нислэг болдог.
Ийм байдлаар ковидын хоёр жилийг хасаад гурван жил энэ нислэгийг бойжуулж байж 2023 оноос Бангкокийн чиглэлд багахан ашиг олж эхэлж байна. Хажуугаар нь Малдив, Санья, Фүкүока зэрэг чиглэлд нислэг гаргаж, өвлийн улиралд гадагш явах нислэгийг хөгжүүлж байгаа нь зуны гурван сараас бусад үед хоосон байдаг холбоо хамаарлыг арилгах зорилготой. 12, 1-р сарын нислэг харьцангуй гайгүй болсон. Одоо юун дээр ажиллах вэ гэхээр 9-12, 2-5-р сарын хугацаанд яаж бойжуулалт хийх вэ? гэж. Үүнийг транзитаар нөхөхийн төлөө ажиллаж байна. Жилдээ 100 мянган хүн транзитаар нисдэг болбол нислэг багатай саруудын алдагдал багасаж, балансаа барина. Ингэсэн тохиолдолд нислэгийн тийзийг хямдруулах боломжтой. Ингээд ирвэл агаарын тээврийн салбарын зорчигч урсгал тэгш хуваарилагдана гэж үзэж байна.
-МИАТ компани 2025 оны 9-р сарын байдлаар транзитаар хэчнээн зорчигч тээвэрлэсэн бэ?
-9-р сарын дүнгээр транзит тээврийн зорчигчийн тоо 50 мянгад хүрсэн. Жилийн эцсээр 60-70 мянга хүрч магадагүй. Транзит тээврийг бойжуулж, 100 мянгад хүргэх нь бидний эхний зорилго. Транзит тээврээс олох орлого бол ашиг биш. “МИАТ эйрлайны хямд нислэг байдаг юм байна” гэж зорчигчид мэддэг болж, бие биедээ мэдээлэл дамжуулах нь чухал. Агаарын тээврийн сурталчилгаа амнаас ам дамжиж явдаг.
Транзит нислэгийн нэг онцлог нь хямд үнэ. Шууд нислэгтэй үнээр өрсөлдөнө. Нэг удаа транзит нислэгээр явсан хүн дараагийн удаа Монгол гэж ямар улс, Улаанбаатар гэж ямар хот байна вэ? үзье гэж бодно, судалж үзнэ. Ингэж аялал жуулчлал, агаарын тээвэр цаашид хөгжинө. Агаарын тээврийн салбар илүү тогтвортой, өрсөлдөөнтэй болно гэв.




