МАН-ын Бага хурлын тооллогын комисс хэрхэн ажилласан болон хурлын процесс хэрхэн явагдсан талаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан мэдээлэл өглөө.
МАН-ын бага хурал өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт болсон. Бага хурлаар намын даргад нэр дэвшигчдээс асуулт хариулт авах процесс өрнөж, нам доторх мэтгэлцээн өрнөсөн. Үүний дараагаар санал асуулга явагдсан бөгөөд бүтэн 23 цаг хуралдаан өрнөж саналаа нэгтгэж УИХ-ын дарга Д.Амарбясгалан намын даргын сунгаанд ялалт байгуулсан гэж батламжилсан. Харамсалтай нь санал асуулга явуулахаас өмнө намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа огцорч, тамга тэмдэгээ өгсөн байх ёстой ч энэ процесс орхигдсоноор намын гишүүдийн дунд талцал үүсээд байна. Үүсээд байгаа асуудлаар тооллогын комисс байр сууриа илэхийлэхдээ "Тооллогын комисс нь хамгийн зөв, хамгийн шударга" төвийн байр сууринаас хандах ёстой. МАН-ын Бага хурал 360 орчим хүнтэйгээр эхэлсэн. Тооллогын комиссоо дундаасаа 15 хүнтэйгээр байгуулсан. Эдгээр 15 хүн нь дотроо хуралдаад тооллогын комиссын даргаа сонгоод журмаа ч мөн дотроо баталсан юм. Бүх цаг үед МАН-ын Бага хурал, бүх хурлууд дээр тооллогын комисс нь өөрсдөө журмаа баталдаг. Намын дүрмээр бүгдийг нарийвчилж зохицуулах боломжгүй. Тооллогоо яаж явуулах уу, хэдэн үе шаттай байх уу гэдэг нь тоологын комиссын бүрэн эрхийн асуудал юм. Журмаа батлаад Бага хуралд танилцуулсан. Бага хурлаас хүлээж аваад зөвшөөрсөн.
Үндсэндээ гурван санал хураалт явуулсан. Эхнийх нь Бага хурлын орон гарсан Бага хурлын гишүүдийг сонгосон. Нийт 49 хүнийг шинээр сонгосон. Энэ санал хураалтад 292 хүн оролцсон. Үүн дээр ямар нэгэн маргаан гараагүй.
Хоёр дахь нь намын даргын сонгуулийн анхны санал хураалт болсон. Намын дүрэмд Бага хурлын гишүүдийн гуравны хоёр хүрсэн нөхцөлд намын даргаар хүлээн зөвшөөрнө гэж байдаг. Үүн дээр үндэслээд тооллогын комисс хуралдаад хоёр үе шаттай явах нь зүйтэй гэж үзсэн. Хэн нэг нь гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүнийг дахин санал хураая гэж шийдсэн. Бага хуралдаа ч танилцуулсан бүгд зөвшөөрсөн. Эхний санал хураалтад 442 хүн оролцсон. 56 хувь нь Амарбаясгалан даргыг дэмжиж, 46.98 хувь нь Г.Занданшатар даргыг дэмжсэн.
Г.Занданшатар дарга тухайн үед санал гаргаж энэ тооллогод итгэхгүй байгаа тул гараар тоолуулъя гэсэн. Тэр үед нь тооллогын комисс тэр дор нь ажиллаад гараар тоолоод тоо нь яг мөргөсөн. Г.Занданшатар даргын энэ үйлдэлд их гайхаж байна. Гараар тоолоод дараагийн тооллого явах үед зарим нөхөд гараад явсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж санал хураалтын журмыг хүлээн зөвшөөрөхөө болиод ирсэн. Тийнхүү гарч явсан хүмүүсээ хүлээлгүй хоёр дох шатны санал хураалтаа эхлүүлсэн. Өглөө 04:00 цагийн үед хоёрдугаар тооллого эхэлсэн. Ингээд хоёрдугаар шатны санал хураалтад 321 хүн ирцэнд орсон. Тийнхүү 85.67 хувиар буюу 275 хүн Амарбаясгаланг МАН-ын дарга болгохооор зөвшөөрсөн" гэлээ.