
Ш.Раднаасэд: МАН-ын даргаар Д.Амарбаясганг сонговол МАН хулгайчдын нам болно. Юу үнэн тэр үнэн
Нүүрсний хулгайч хэмээн олон нийтэд чичлүүлж, зарлуулж явсан УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд өнөөдөр /2025.09.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-Тэрбээр “Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын намын даргын төлөөх өрсөлдөөн нь УИХ, Засгийн газар хоёр нь хоорондоо өрсөлдөж байгаа юм шиг боллоо. Тийм учраас үнэнийг ярих ёстой гэж бодлоо.
Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болохосоо өмнө найман жил МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн. Найман жил гэдэг урт хугацаа. Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ мэдүүлдэггүй мөртлөө төр засгийн шийдвэрт шууд оролцдог нэг албан тушаал. Төрийн бүх тендер, төрийн бүх томилгоонд оролцдог байсан. ХОМ мэдүүлэхгүй байна гэдэг бүх зүйлээс хол байна гэсэн үг. Тийм ч учраас найман жил энэ албан тушаалд байсан. Өнөөдөр энэ бүх шунал нь хэтрээд МАН-ын дарга болно гээд явж байна. Монгол улс хөгжих ёстой, хөгжлийн 14 мега төсөл гэж зарласан. Гэтэл мега төсөл эхэлж хэрэгжсэн үеэс хулгай болж байна. Хил холболтын төмөр замаа хар бөөн хулгай. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төслөө хар энэ “Админерал”, бас л хулгай. 2.2 сая иргэн хувьцааг нь эзэмшиж байгаа Тавантолгой орд гэж компанийн нэг хэсгийг нь “Админерал” компанид газартай юутай нь өөрийнхөө эзэмшилд шилжүүлээд явж болох уу?
750 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийн тендерт ялангуутаа нүүрсийг нь гадаадад гаргачихсан. Энийг хулгай гэхгүй юу гэх юм. Бүх монголчуудын хувьцаа энд байгаа. Бүх монголчууд эндээс хувь хүртэх ёстой. Гэтэл "Бор тээг" гээд ордыг нь нэг компани аваад явчихсан. Хувьцаа эзэмшигчдээс асуух ёстой, асуугаагүй. Энэ ер нь УИХ-ын шийдвэр гарах ёстой юман дээр гаргахгүйгээр энэ бүхнийг хийсэн. Гэтэл энэ хулгайтай бид холбоогүй гээд байгаа.
Би нүүрсний хулгайч гэж зарлуулж байх үедээ энэ хулгайг ордон дотроос л зохион байгуулна гэж хэлж байсан. Тэр үед энэ хүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан.
Өрсөлдөгч нараа 17 гишүүнийг нүүрсний хулгайч гэж зарлуулаад бүгдийг нь жагсаалаас гаргасан. Нэг төрлийн ашиг сонирхолд нь саад болсон, эрх ашигт нь саад болсон хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хөөж явуулсан. Ялгаагүй энэ хүмүүс бүгд шалгуулсан. Намайг бүр өөрийн зөвлөх Баянмөнх гэдэг хүнээр бүх муу юмтай холбуулж бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүх юмаар бичүүлж байсан. Тэгээд өнөөдөр энэ өндөрлөгт хүрчихээд ахиад Ерөнхий сайд гэдэг мест рүү очно гээд дайрч байна. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь энэ. Тухайн үед би АТГ- ын үүдэнд хэлж байсан. Нүүрсний хулгайч гэж зарласан энэ нэрсийг АТГ-аас гаргаагүй, намаас өгсөн нэр гэж хэлж байсан.
Тийм учраас маргаашийн сонголт бол МАН хулгайч нараасаа салах сонголт. Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголт. МАН 2027, 2028 оны сонгуульд ялах сонголт уу, ялахгүй сонголт уу гэдгийг Бага хурлын гишүүд хийнэ.
Хэрвээ маргааш Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох юм бол нүүрсний хулгайчдын нам болно. Юу үнэн энэ үнэн.
Тийм учраас маргааш Бага хурлын гишүүд хулгайчийг сонгох уу, намаа сонгох уу гэдэг сонголтын өмнө ирсэн байна. МАН-ын мянга, мянган гишүүдийг хөөсөн. Даргад таалагдаагүй гишүүдийг аймаг, сум руу хөөсөн. Мань мэт дээр хүртэл улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж намын Хяналтын хороогоор дамжуулан шийдвэр гаргуулж байсан. Энэ бүхэн бол эрх ашигт нь, шуналд нь саад болсон хүмүүст хийсэн нүгэл нь. Бие дааж нэр дэвших гэсний төлөө, бодлого нь буруу байгааг шүүмжилсний төлөө, даргын эсрэг үг хэлсний төлөө намын мянга, мянган гишүүд хөөгдсөн.
Өнөөдөр намын даргын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөн бол авлигын гэмт хэргээс зугтаж байгаа амь даатгал. Энэ амь даатгалыг авч байж Ерөнхий сайд, намын дарга болж гэмт үйлдлээ дарах гэсэн үйлдэл. Маргаашийн Бага хурлын сонголт бол хулгайчдаа толгой дээрээ залах уу эсвэл хууль дээдлэгчдээ залдах уу гэдэг сонголт. Түүнийг нүүрсний хулгайн загалмайлсан эцэг гэж ойлгож болно.
Намын даргыг сонгох сонголт Ардын намын сонголт боловч энэний цаана ард түмний эрх ашиг байгаа гэдгийг ойлгох ёстой” гэлээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


