
УОК: 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна
Улсын Онцгой Комиссын III хуралдаан өнөөдөр болж, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, цаг уур орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй зуншлага хэвийн байна.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 77.68 сая мал бэлчээрлэж байгаагаас энэ онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой мал худалдан борлуулж хонин толгойд шилжүүлснээр 100 орчим сая мал өвөлжиж, хаваржих тооцоо гарган, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд 2025 онд 554.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тариалангийн бүсэд 5, 6, 7 дугаар сард хур тунадас багатай, хэт халалт олон хоногоор үргэлжилж гантай байгаа учраас ургац олон жилийн дунджаас буурах төлөв ажиглагдаж, холбогдох мэргэжилтнүүд тооцоо судалгаанд үндэслэн өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгааг танилцууллаа.
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна. 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг 12 дугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарсан. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн ЦС-ийн 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болно гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!