2040 он гэхэд Монгол улсын нийт ойн 50 хувь устах аюул ирээд байна

2040 он гэхэд Монгол улсын нийт ойн 50 хувь устах аюул ирээд байна

Төрөл
Байгалиа авръя
Нийтлэгдсэн
2025-07-28
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг байдлаар өртөөд байна. Энэ тухай Хятадын “Xinhua” агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон бусад олон улсын байгууллагууд мэдээлсэн юм.

“Xinhua” агентлагийн мэдээлснээр, Монгол Улсад 2020 оны байдлаар цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 76.9 хувьтай байсан бол энэ онд энэхүү үзүүлэлт 77.8 хувьд хүрч нэмэгджээ. Цөлжилтийн хамгийн хүчтэй нөлөөлөлд өртөж буй бүс нутгуудад говийн бүс болон баруун аймгууд багтаж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал 2040 он гэхэд Монгол Улсын нийт ойн 50 хувь нь устах нэн том аюул учраад байна.

Судалгаагаар цөлжилтийн нийт нөлөөллийн 87-90 хувийг хүний хүчин зүйлс бүрдүүлж байгаа аж. Тэр дундаа малын тоо хэт өссөнөөс шалтгаалсан бэлчээрийн хэт ашиглалт, ойн хомсдол, уул уурхайн олборлолт, дэд бүтцийн сөрөг нөлөө гэх зэрэг шалтгаанууд эзэлж байгааг дурдсан юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Gobi Story” нэртэй төсөлд дурдсанаар, Монголын цаг уурын өөрчлөлт ч мөн цөлжилтөд хүчтэй нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал, сүүлийн 80 жилд Монголын дундаж температур 2.25 хэмээр өссөн, хур тунадасны хэмжээ 7-8 хувиар буурсан байна.

Цөлжилтийн эсрэг Монгол Улс тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн:

  • Нэг тэрбум мод тарих замаар цөлжилт, газрын доройтлыг 4 хувь хүртэл бууруулах, модны нөөцийг нэмэгдүүлж ойн эзлэхүүнийг 9 хувь болгож өсгөх мөн нүүрстөрөгчийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зэрэг зорилго бүхий төсөл хэрэгжүүлж байна. Ойн агентлагийн 2025 оны 5 сарын танилцуулгад дурдсанаар, нийт тарьсан модны тоо 83.9 сая байна. Үүнээс 61 сая модыг шууд, 22.9 саяыг нь өөр улсын компаниудтай хамтарсан хэлбэрээр тарьсан бөгөөд үржилтийн үр нөлөө 5.45 % байгаа аж.

Монгол-Солонгосын хамтарсан “Greenbelt” төсөл:

  • Энэхүү төсөл нь Монгол орны Лүн сум, Даланзадгад, Баянзүрх зэрэг бүсэд нийт ~3,046 га газар мод тарьсан бөгөөд 800,000 гаруй мод, 23 төрөл модонд анхаарч моджуулсан байна. Уг төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм. Эхний ээлжид (2007–2016) Лүн, Даланзадгад, Баянзаг дахь модны үржүүлгийн төв, сургалт, техникийн чадварыг нэмэгдүүлсэн. Харин удаах шатанд (2017–2021) Улаанбаатар хотод “Mongolia–ROK Friendship Forest” буюу 40 га ойн бүс ба 55,000 мод бүхий цэцэрлэг байгуулсан. Тийнхүү одоо (2021–2026) Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ зэрэг хойд бүсэд гал унтраах болон нэмэлт байгууламж бүхий нөхөн сэргээлттэй төслүүд хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Солонгос улсын “Greenbelt” төсөлтэй хамтран 3,000 гаруй га талбайд мод тарьсан байна.

“UNCCD COP17” хурал Монголд:

  • НҮБ-ын Газрын доройтолтой тэмцэх конвенцын (UNCCD) 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэ хурал нь дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчдийг цуглуулж, цөлжилтийн эсрэг бодит хамтын ажиллагааг хэлэлцэх олон улсын тавцан болох аж.
    Цөлжилт Монгол Улсын байгалийн тэнцвэрт байдал, бэлчээрийн менежмент болон уур амьсгалын аюулгүй байдалд ноцтой дарамт үзүүлсээр. Гэхдээ эрх баригчид урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн ажлуудыг системтэй бөгөөд тогтвортойгоор хэрэгжүүлж чадвал хохирлыг багасгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд иргэд бидний оролцоо ч мөн адил нэн чухал гэдгийг байгаль экологичид сануулсаар байгаа юм.
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.