
Монгол Улсын Арслан Э.Батмагнай: Аливаа амжилт түр зуурынх, харин хүн чанар насан туршийнх байдаг
Баянхонгор аймагт орших Их Богд хайрхны Төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 03- ны өдөр товлогдсон. Төрийн их тахилга наадамд Монгол улсын арслан Э.Батмагнай оролцно. Бэлтгэл ажил аймгийн хүрээнд хийгдэж эхэлсэн бөгөөд энэ үеэр манай сэтгүүлч Монгол улсын арслан Э.Батмагнайтай цөөн хором ярилцсан байна.

-Зуншлага сайхан уу? Таны хувьд дэвжээн дээр, бас амьдрал дээр тохиолдож байсан хамгийн сургамжтай зүйл юу байв?
-Хүн ялж байх үедээ өөрийгөө хүчтэй гэж боддог. Харин ялагдал яг ямар хүн болохыг нь харуулах жинхэнэ шалгуур болдог юм билээ. Миний хувьд сургамжтай зүйл гэвэл аливаа амжилт түр зуурынх, харин нэр хүнд, хүн чанар насан туршийнх байдаг гэдгийг ойлгосон явдал. Заримдаа буулт хийх, заримдаа өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх нь барилдаанд түрүүлэхээс ч илүү зориг шаарддаг. Тиймээс зөвхөн хүчтэй биш, зөв хүн байхыг эрхэмлэдэг.
-Өнөөдрийн нийгэмд хүмүүс амжилтыг албан тушаал, хөрөнгө мөнгөөр хэмжих болжээ. Харин таны бодлоор хүний жинхэнэ амжилтыг юу тодорхойлох вэ?
-Амжилтыг хүн бүр өөр өөрөөр ойлгодог байх аа. Миний хувьд амжилт гэдэг нь зөвхөн өөрөө өндөрт гарч амжилттай явах тухай ойлголт биш. Ойр дотны хүмүүсээ баярлуулж, нутаг усныхан, хамт олон гээд бүгдийнх нь итгэлийг дааж явахыг хэлэх байх. -Монгол бөхийн үнэт зүйлсээс өнөөгийн залуус хамгийн их суралцах ёстой чанар юу вэ? -Тэвчээр. Залуус маань том мөрөөдөлтэй байхын зэрэгцээ түүндээ хүрэх тэвчээрийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй гэж боддог.
-Таны амьдралд хамгийн их нөлөөлсөн зарчим гэвэл?
-Ахмад үеийнхэн маань "Хүний өмнө хүн бай, ажлын өмнө эзэн бай" гэж сургадаг байсан. Энэ үг миний амьдралын зарчим болсон доо. Ямар ч амжилтад хүрсэн байлаа гэсэн хүн чанараа алдахгүй, бусдыг хүндэтгэж явах нь хамгийн чухал чанар гэж боддог. -Энэ ярилцлагыг уншиж байгаа Z үеийнхэнд хандаж юу хэлэх бол? -Өөртөө үнэнч байж, хөдөлмөрөөс битгий зугтаарай. Цаг хугацаа хөдөлмөрлөсөн хүнийг хэзээ нэгэн өдөр заавал шагнадаг юм шүү л гэж хэлье дээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

