
ОБЕГ: Хүчтэй шуурганы үеэр ой, хээрийн түймэр гарвал давагдашгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй
ЦУОШГ, ОБЕГ-аас цаг агаарын гамшигт үзэгдэл болохтой холбогдуулан мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн" Ойрын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд ихэнх нутгийг хамарсан онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болох эрсдэлтэй байна. Үүнтэй холбогдуулан онцгой байдлын албанд төөрсөн, сураггүй алга болсон тухай дуудлага ихээр ирдэг.
Иймд эдгээр өдрүүдэд гэрээсээ гарахгүй байх, малд хүүхэд, өндөр настай хүн явуулахгүй байхыг анхааруулж байна. Зарим газарт салхины хурд секундэд 34 метрийг давж, хүчтэй салхи, шороон шуурга шуурна гэдэг нь гамшигт үзэгдэл үүсэх эрсдэлтэй гэсэн үг. Иймээс энэ үед ой, хээрийн түймэр гарвал давагдашгүй нөхцөл байдал үүсэж, их хэмжээний хохирол учирч болзошгүй. Тиймээс зүүн аймгуудын иргэд, алба хаагчид онцгой анхаарч, болгоомжтой байх шаардлагатай.Энэхүү үзэгдэл нь 2021 онд ажиглагдсан гамшигт үзэгдэлтэй тун төстэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тухайн үед 10 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Иймээс энэ өдрүүдэд хол замд гарахгүй байх, автомашинаа мод болон цахилгаан шонгийн ойролцоо байрлуулахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ хугацаанд отор нүүдэл хийхгүй байхыг уриалж байна” гэлээ.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


