
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийг баталгаажуулах ажлын хэсэг байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар 2026 оны зургаадугаар сарын 21-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулиар сонгуулийн автоматжуулсан систем ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцсон 11 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах ажлыг Мэдээллийн технологийн төв, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хариуцан гүйцэтгэж, гэрчилгээг олгодог.
2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль товлон зарласан. Нөхөн сонгууль болох 73 хэсэгт ашиглах 152 санал тоолох төхөөрөмж, техник хэрэгслийг Ажлын хэсэг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох юм.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


