
АТГ: “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд хадам дүү, жолоочынхоо дансаар ₮100 саяын хахууль авсан нь тогтоогдсон
АТГ-ын мөрдөгчид Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарт холбогдох хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүсэлтээ өгчээ. Хэрэв прокурор хэргийг материалыг хянаж үзээд үндэслэлтэй гэж үзвэл шүүхээр уг хэрэг шийдвэрлэгдэх шатанд шилжих юм.
Хэргийн эргэн сануулбал дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-аас хойшлуулашгүйгээр баривчилж, 48 саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ын хүрээнд албаны чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн гурван хэрэгт холбогдон шалгагдсан байна. Хэрэг мөрдөн байцаалтын явцад Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан, Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Р.И” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


